С.Энхбаярын орчуулгууд

МУБИС-ийн УЗСТ-ийн эрхлэгч, дэд профессор, утга зохиолын судлаач, шүүмжлэгч Сорогдогийн Энхбаярын “С.Энхбаярын орчуулгууд” гадаад утга зохиолын өгүүллүүд номын талаар та бүхэндээ зах зухаас нь танилцуулъя. 

Утга зохиолыг дээд ба доод гэж хоёр ангилбал С.Энхбаярын уншдаг ном бүтээл, сэтгүүл, түүний туурвидаг, орчуулдаг судлал, шүүмжлэлийн бүтээлүүд нь уран сайхны /дээд/ боловсролтой уншигчид болон судлаачдад зориулсан байдаг. Тэр хэрээрээ их сургуульд утга зохиолын шүүмжлэл сонирхон оролддог байсан надад гэхэд Л.Галбаатар багш болон МУБИС-ийн С.Энхбаяр хоёр бол эрхэм шүтээнүүд минь байлаа. Л.Галбаатар багш манай ангид хоёр жил /тэгж санаж байна/ хичээл зааж, утга зохиолын мөрөнд хөл тавиулж байсан бол С.Энхбаяр нэг цагийн хичээл орж /гэгээн дүрийг нь харж, биширч/ өөрийн билиг танхай, өөрийнхөөрөө зангаа гайхуулж чадаж байсан юм. Түүний “Зөн” цувралаар нийтлүүлсэн “Ц.Хуланд бичсэн захидал”, нийтлэлч Баабарын утга зохиолын тухай “зоримог” дүгнэлтийн тухай, “Модернист фронт удирдагч Б.Галсансүх” зэрэг шүүмжүүд нь ихэд алдартай.  

Номын тухай яриандаа оръё. 

Гадаадын утга зохиолын өгүүллүүд ном АНУ-ын алдарт эрдэмтэн, утга зохиолын шүүмжлэгч, нийтлэлч Жэйн Жойяагийн “Өнөөдөр Америкийн яруу найраг ямар байдалтай байна вэ?” шүүмжээр эхэлнэ. Энэхүү шүүмжийг уншаад 3-р ангийн бацаан байхдаа шүлэг бичиж байсан мөртлөө яруу найргийг өмөөрч хамгаалах больсон, бага уншдаг болсон, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана яруу найргаа орхисон зэргийг ул үндэстэйгээр ойлгож авлаа. 

1934 онд Эдмунд Уилсон “Шүлэг нь сөнөн мөхөж буй төрөл мөн үү?” хэмээх эссе анх бичсэнээр яруу найраг хэмээх утга зохиолын төрлийн уншигч бүр 18 дугаар зуунаас цөөрөн цөөрсөөр, хэвлэлийн газрууд энэ төрлийг “тоохоо больж” байгааг “анзаарснаа” бичжээ. Соёлын орон зайд шүлэг яруу найргийн гүйцэтгэж байсан үүрэг ач холбогдол улам бүр явцууран хумигдаж, соёлын орон зайд үргэлжилсэн үгийн зохиол эзлэх болсон юм байна. Тэгэхээр би ганцаараа яруу найрагт тэгтлээ унаж тусахаа байсан биш юм байна. Г.Аюурзана шиг яруу найрагчид үргэлжилсэн үгийн зохиол руу урвасанд гайхах хэрэггүй болжээ. Дэлхийн хандлага ийм болчихсон юм байна. 

Ийм учраас “нэрт” яруу найрагч гэдэг нь ердөө л бусад яруу найрагчдынхаа дунд л нэр төртэй хүн төдий юм гэсэн хатуу үнэнтэй тулах болно. Яруу найрагчдын тоо ихсэх тусам уншигчдын тоо яг эсрэг байдлаар эрс унасан байна. Ерөөс аль ч хэвлэл, яруу найраг болоод яруу найрагчдад хамгийн бага анхаарал тавих болжээ. Учир нь үргэлжилсэн үгийн сайн, сайн зохиолчид хангалттай олон байгаа аж. 

Аман зохиол, яруу найраг, утга уянга ихтэй, үгүйдээ л толгой холбоцоор ярьдаг гэх мэт монголчуудад яруу найргийг өмөөрөх, өмчирхөх, хамгаалах үндэсний онцлог бий учир энэ шүүмжийн санаатай санал нийлэхгүй байж магад. Гэхдээ л яруу найрагт хандах дэлхийн хандлага ийм болчихоод байгааг эндээс уншаад үзчих хэрэгтэй. Манай яруу найрагчид дэлхийд яагаад алдаршдаггүй юм бол гэж хэзээ нэгэн цагт бодож байсан бол үргэлжилсэн үгээр бидэнд боломж байна гэдэг талаар тунгаагаад нэг үзээрэй. Жэйн Жойяагийн энэхүү шүүмж яруу найрагчдыг энэхүү хүнд байдлаас хэрхэн гарах талаар саналууд бичсэнээрээ онцлогтой. Сонирхвол олж уншаарай л даа. 

“Зөн билиг нь уран сайхны сэтгэлгээний нэг гол хүчин зүйл мөн”, “Марина Ивановна Цветаева” шүүмжийг алгасаад Оросын утга зохиолын шүүмжлэгч Л.В.Поляковагийн “Утга зохиолын бүс нутаг судлал буюу нутгархал судлал бол шинжлэх ухаан мөн” өгүүллийн тухай хэдэн үг бичье. 

Нутгархал судлал, тэр дундаа утга зохиолын нутгархал судлал нь аймаг, сум, жалга довоо энхрийлэн хайрладаг, хамгаас илүүд үздэг, манай, танай гэж талцдаг /орон нутаг шүтэх үзэл/ монголчуудад ихээхэн таарах, утга зохиол судлалд шинээр зайлшгүй нэвтрэх, нэвтэрснээр шинэ бодомж, шинэ хандлага үүсгэж мэдэх шинжлэх ухаан ажээ. Товчхондоо энэ өгүүллийн гол санаа нь “Зохиол бүтээлүүдийг хэл зохиолын бүс нутаг буюу нутгархал судлалын хүрээнд, хэсэгчилсэн-түүхэн арга зүйн үзэл баримтлалуудыг ашиглан задлан шинжилж болно”. Үүнд, “Өндөрхаанаас зайдуу үнээдэй нютаг” юм уу, нутаг орон, хөдөө нутгийнхаа тухай гайхамшигтайгаар “шүүрс алддаг” Н.Нямсүрэн нарыг хамаатуулж ойлгож болох юм. Сүхбаатарын яруу найрагч, зохиолч нутаг орныхоо тухай бичсээр байвал үүнийг хэн нэгэн судлаач, шүүмжлээч нутгархал судлалын шинжлэх ухааны үүднээс судлаад цол хамгаалж болох нь гэсэн үг юм /хамгийн бүдүүлгээр хэлэхэд/. Энэ өгүүллийн нэг сонирхолтой хэсэг нь Фолкнер, Шолохов хоёрын бүтээлийг нутаг судлалын үүднээс задлан шинжилсэн жишээг оруулсан нь сонирхолтой. Хоёулаа Нобелийн шагнал хүртсэн, хоёулаа өсөж, төрсөн жижиг орчиндоо насыг барсан, өгүүлэл бичиж уран бүтээлийн гараагаа эхэлсэн, 1920-30 онд гол бүтээлүүдээ туурвисан гэх мэтээр. 

Цаашилбал, дээд түвшний утга зохиол, олон нийтийн утга зохиолын ялгамжийн тухай бичсэн Е.В.Хализевын “Утга зохиолын эрэмбэ дараалал ба алдар суу” /Литературные иерархии и репутации/ өгүүлэл анхаарал татна. Дээд түвшний утга зохиол, сонгодог зохиолын тухай, үүний эсрэг нь болох олон нийтийн утга зохиол, нийтийн утга зохиолын тухай ойлгомжтой сайхнаар тайлбарласан байгаа. Сонирхвол уншихыг санал болгоё. 

С.Энхбаяр цагтаа “Модернист фронт удирдагч Б.Галсансүх” хэмээх шүүмж бичиж байсан талаар дээр дурдсан. Үүний үргэлжлэл болж, Оросын утга зохиолын судлаач, шүүмжлэгч Л.С.Дампиловагийн “Б.Галсансүхийн сэтгэл хөдлөлийн өнгө аястай яруу найраг” өгүүллийг орос хэлнээс орчуулж энэхүү номдоо багтаажээ. Л.С.Дампилова С.Энхбаярын шүүмжийг уншсан бөгөөд үүнийг иш татан, утга агуулгын хувьд баяжуулж. 

Энэ номд дан ганц орчуулга ороогүй. С.Энхбаяр сүүлийн үед бичсэн хоёр өгүүллийг багтаажээ. Нэг нь хайрт багш Х.Сампилдэндэвийнхээ тухай, нөгөө нь 2013 оноос ЕБС-ийн 11-р ангийн утга зохиолын сурах бичигт модернизмын тухай бүлэг багтсан тухайд зориулсан шүүмж байна. Багшийнхаа тухай бичсэн дурдатгалыг нь уншихад Х.Сампилдэндэв гэдэг бичгийн их хүмүн С.Энхбаяр гэдэг хүний амьдралтай хэрхэн нягт холбогдсоныг олж мэднэ. С.Энхбаярын зарим шавь нар багшийнхаа тухай, амьдралынх нь намтрыг мэддэггүй бол энэ өгүүллийг олж уншаарай. Хаана цэргийн алба хаасан, Ховдын их сургуульд ямар байдалтай багшилж байсан, хэрхэн докторын зэрэг хамгаалсан, хэрхэн хотын хүн болсон тухайгаа бичсэн. Энэ бүхэн нь хайрт багшийнх нь шууд нөлөө байжээ. МНТ өгүүлдэгчлэн эгэмнээс нь татаж эр хүн болгосон хүн нь юм байна. “Амьдралдаа шавь гэж дуудах гурван хүний нэг” нь болжээ. 

Эцэст нь хэлэхэд, С.Энхбаярыг унших хэрэгтэй юм. Уншиж байж монголын утга зохиолын түвшин, дэлхийн түвшнийг багцаалж чадна. Үгүйдээ л Р.Чойном “гудамжны шүлэгч”, дээд утга зохиолын ай савд багтахгүй гэдгийг олж мэдэх болно. Нүд чинь нээгдэх болно. 

Leave a Reply

Your email address will not be published.