Э.Тодрол: “52 герцийн халим” номноос бид нэг нэгнийхээ дотоод сэтгэлд юу болж байгааг анзаарч чадвал ямар гайхамшиг болохыг олж харна

Японы алдарт зохиолч Мачида Сонокогийн “52 герцийн халим” номын орчуулагч Э.Тодролтой ярилцлаа.

  • Японд бестселлер болж, шуугиан тарьсан “52 герцийн халим” номыг “Гуну паблишинг”-аас албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргаж, уншигчдын хүртээл болголоо. “Гуну паблишинг”-тай хэрхэн хамтарч ажиллахаар болов?

-Юуны түрүүнд “Гуну паблишинг”-ын хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. “52 герцийн халим” ном хэвлэгдэн гарсан даруйдаа л Япондоо олон сая хувь борлогдож, шилдгээр шалгарсан. Одоо Монголын маань уншигчид эх хэлээрээ унших боломжтой болж байгаад маш баяртай байна. Энэхүү номыг “Гуну паблишинг” -аас оюуны өмчийн эрхийг нь авсан юм билээ. Надад “Орчуулга хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьсан. 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй “Дашбалбар сан”-гаас салбарлаж “GUNU паблишинг” компани үүсэн байгуулагдсан юм билээ. Гуну паблишинг нь дэлхийн сонгодог болон шилээвэр бүтээл, номуудыг сорчлон орчуулж хүргэдэг. Мөн Монголынхоо сор болсон бүтээлүүдийг эрхэм уншигчдынхаа оюунд хөрөнгө оруулалт хийж байгаа юм билээ. Монголын төр нийгмийн зүтгэлтэн, нэрт яруу найрагч, О.Дашбалбарын бүх номыг оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр хэвлэн гаргадаг юм билээ. Энэ удаад Японд шилдгээр шалгарсан нэрт зохиолчын “52 герцийн халим” бүтээлийн оюуны эрхийг авч, Монгол уншигчдадаа хүргэж байна.

  • “52 герцийн халим” гэж нэрийдсэн нь ихэд сонирхол татаж байна?

-52 герцийн дуу авиа гаргадаг халим нь дэлхийн хамгийн ганцаардмал амьтан гэж нэрлэгддэг юм билээ. 52 герцийн дуу авиаг нь өөр ямар ч халим сонсож чадахгүй, өндөр давтамжтайгаар дуулдаг дэлхийн цорын ганц халим байдаг юм байна. Түүнийг хэн ч сонсож чадахгүй нь өрөвдмөөр. 52 герц халим бол хүнд үзэгдэж байгаагүй. Зөвхөн түүний 52 герц чимээ нь хэд хэдэн удаа бичигдсэн байдаг юм билээ. Дэлхийн хамгийн ганцаардмал халим гэдэг. Үүнийг л зүйрлэл болгож сэтгэлийн шарх авсан, чимээгүй ганцаардмал хүмүүс бие биестэйгээ уулзаж, сэтгэлийн шаналалаа хуваалцаж буй тухай ном.

  • “52 герцийн халим” номоор зохиолч юу хэлэхийг зорьсон юм бол?

-Эрдэмтэд 52 герцийн халимыг дэлхий дээрх хамгийн ганцаардмал амьтан гэж нэрлэсэн. Харанхуй, хүйтэн далайн гүнд орь ганцаараа байх тэр мэдрэмж ямар гунигтай бол оо. Яг үүнтэй адил бид ч гэсэн хэн нэгний дуу хоолойг анзааргагүйн улмаас сонсож чадалгүй өнгөрүүлж байгаа юм биш биз дээ. Энэ ном маань хүн хүнээ сонсоё, хайрлая, мэдрэе гэсэн хүний хоорондын харилцааны нандин утсыг хөндсөн бүтээл. Хүн хүндээ хэлэх гээд хэлж чаддаггүй, олж сонсож чаддаггүй тэр л зүйлийг харуулсан. Түүнчлэн ганцаардал, хүчирхийллээс үүдэлтэй хүний сэтгэлийн гүн дэх гуниглал гарна. Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болох ЛГБТ, хүмүүс нэгнийхээ сэтгэлийн гүн дэх дуу хоолойг сонсохгүй, анзаарахгүй өнгөрөөдөг. Хүмүүс нэгнээ хайрлаасай, нэгнийхээ сэтгэл доторх дуу хоолойгоо сонсч байгаасай, сэтгэлийн нандин харилцаа маш чухал юм шүү гэдгийг онцгойлон харуулахыг хичээсэн сэтгэл эмтрэм, гунигтай, өрөвдөм мөн хайр бахархал төрөм гэх мэт сэтгэлийн утсыг хөндсөн бүтээл. “52 герцийн халим” ном бол хүмүүс бид нэг нэгнийхээ дотоод сэтгэлд юу болж байгааг тэр бүр анзааралгүй, түүний сэтгэлийн хашгираан, зовлон жаргалыг сонсолгүй, итгэл цөхрөлөө барж ганцаардсаныг нь анзааралгүй өнгөрөөвөл ямар хүйтэн харгис байх бол, хэрэв энэ бүхнийг анзаарч нээж чадвал ямар гайхамшиг болохыг унших болно. Хүн хоорондын сэтгэл зүйн нарийн нандин харилцаа холбоог уншигчид маань шимтэн уншаарай гэж хэлье.

  • Японд бестселлер болсноос гадна олон шагнал хүртсэн гэдэг?

-Энэ ном 2020 онд хэвлэгдсэн. Хэвлэгдсэн даруйдаа дуусч, хэд хэдэн удаа дахин хэвлэгдсэн байдаг. 2020 ондоо “Унших хэмжигч” номын зэрэглэлд номын төрөлд долоо хоног бүрийн чансааны нэгдүгээрт жагссан. “2020 оны шилдэг уншлагын тоолуур”-д тэргүүн байр эзэлсэн. Уг ном нь Да Винчигийн 2020 оны “ШИЛДЭГ НОМ”-ын романы төрөлд 4-р байранд орсон. Ном нь “King’s Brunch” телевизийн нэвтрүүлгийн BOOK Grand Prize 2020-д тэргүүн байр эзэлсэн байдаг. 2021 онд 365.5 оноогоор тухайн жилийн номын дэлгүүрийн шагналыг хүртсэн. 2021 онд Японд номын дэлгүүрийн №1 шагнал авч бестселлер болсон шилдэг ном. “Мирайяа романы 4 дэх шагнал” болон “Хааны өглөөний цай” телевизийн мэдээллийн хөтөлбөрийн “Хааны өглөөний цай” ном шагналыг хүртсэн.

  • Мачида Соноко зохиолчын тухай дэлгэрүүлээч?

-Мачида Соноко 1980 онд төрсөн. Энэ эмэгтэй маань Фүкүока мужид амьдардаг. Тэрээр “Кармений хөх загас” бүтээлээрээ эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн R-18 утга зохиолын шагналыг хүртсэн байдаг. Тэрээр 2017 онд “Шөнийн тэнгэрт сэлж буй шоколадтай Грэмми” гэсэн анхны бүтээлээ гаргасан байдаг. Түүнчлэн “Жёран” (Шинчоша), “Үцүкүшигаока дахь золгүй байдлын байшин” (Токио Согенша) зэрэг бүтээлүүд хэвлүүлсэн байдаг.

 

Leave a Reply

Your email address will not be published.